Thursday, November 14, 2013

Бурхан багшийг шүтэхийн учир - 1 -р хэсэг

1. ЭНЭ НАСАНД ШАШИН ХЭРЭГТЭЙ

    Хүмүүн бидэнд шүтлэг бишрэл хэрэгтэй. Үүний шалтгаан гэвэл энэ насны эд хөрөнгө хэдий арвижин дэлгэрч байвч тэрээр ашдын амар амгалан, баяр жаргал авчирч үл чадна. Эд баялаг арвижих хэрээр хүн зон үнэхээр түгшсэн сэтгэлээр аж төрж байна. Шинжлэх ухаан, техник асар их урагшлан хөгжиж буй бөгөөд цаашид улам хөгжих буй заа. Эртний зарим сүсэгтэнд тэнгэрийн саран бурхны орон мэт санагдаж байв. Хүн саранд хүрч түүний баялгийг хүн төрөлхтөн эзэмшихээр тэмүүлж, гариг эрхсийг ч эрхэндээ оруулах магад буюу. Гэсэн ч энэ дэвшил хөгжил эцэстээ манай дэлхийд хөнөөл учруулах гадаад дайсныг төрүүлж болзошгүй. Ямар ч атугай энэ дэвшил хүн төрөлхтөнд насан туршид туйлын зол жаргал авчирч чадахгүй нь лавтай.
    Эд агуурсыг хураах тутам улам ихээр арвижуулах хүсэл шунал төрдөг бөгөөд үүнээс үүдэх амар жаргал удаан үл үргэлжилнэ. Харин сэтгэл санаа хангалуун бол эд агуурсын гачаалыг хүлцэн давах хялбар, чухамдаа ухаарал, сэтгэлээс үүдсэн амгалан болбоос жинхэнэ бодитой, ашдын амгалан болой. Ухаарал, сэтгэлээс үүдсэн амгалантай дүйх цэнгэл гэж үгүй. Энэ нь сэтгэлийн агуу их ханамж бөгөөд төгс төгөлдөр чанартай буюу. Шашин бүхэн энэхүү цэнгэлд хүрэх арга замыг өөр өөрийнхөөрөө сургадаг ажээ.
    Эд агуурсаар элбэг хангалуун, энх амгалан байхыг хүсэж хүмүүн бид шашин шүтдэг. Үүнд шүтлэгтэй байхын удаах шалтгаан оршмуй. Амар амгалан буюу зовлон зүдгүүр нь ерөнхий утгаар авч үзвэл гагцхүү гадаад орчинтой нөхцөлдсөн төдийгүй дотоод учир шалтгаантай ажээ. Энэхүү дотоод нөхцөл бол бидний оюун санаанд ул мөр болж үлдсэн урьд насны үйл билээ. Үйлийн үрийн эрхээр зовлон эдлэвч эн тэргүүн сэтгэлээ эс номхотговоос муу үйл тасрахгүй. Сэтгэл оюунд атгаг муу ул мөрөө үлдээсэн урьд насны үйл гадаад нөхцөл нь бүрдвэл урьд хийсэн үйлийнх нь үрийг эдлүүлдэг.
    Хэрэв бид зовон шаналж байвал энэ нь өнө эртний учир шалтгаантай ажгуу. Хамаг жаргал зовлон сэтгэлээс эх сурвалжтай болохоор бидэнд шашин зайлшгүй хэрэгтэй билээ. Учир юун хэмээвээс шүтлэг бишрэлгүй болбоос сэтгэл санаа номхон төвшин байх боломжгүй ажээ.

2. ХОЙД НАСАНД ШАШИН ХЭРЭГТЭЙ

   Буддын шашны сургаал ёсоор шалтгаан, үр хоёр ангид тусдаа боловч басхүү шүтэн барилдлагатай ажгуу. Тухайлбал, хүний бие махбод нь хэлбэр дүрс, өнгө зүстэй учраас түүнийг мэдэрч болдог. Тийм аваас хүний үүсэл гарал шалтгаан нь тэр л хүний шинжийг агуулсан байх учиртай. Гэтэл сэтгэлд хэлбэр дүрс гэж үгүй тул түүний шууд эх сурвалж буюу шалтгаан мөн л хэлбэргүй ажгуу. Үлгэрлэвээс эмийн ургамлын үр хөрөнгөнөөс эм гарах хийгээд хорт ургамлын үр хөрөнгөнөөс хор гарах лүгээ адил буюу. 

    Эх болсон хамаг амьтны олонх нь бие махбодтой /зарим амьтны зүйл зөвхөн сэтгэхүйтээ ажгуу/. Бие, сэтгэл хоёр гарал үүсэл, эх сурвалжтай байх учиртай. Энэ насны амьдарлд бие, сэтгэл хоёр үр хөврөл тогтоход оршиж эхэлмүй. Хүний биеийн эх үндэс нь эцэг эх юм. Бие махбодыг бүтээх эд эс оюун санааг ч төрүүлэхгүй, оюун санааны эд эсийг ч бий болгохгүй. Оюун санааны эх үндэс нь үр хөврөл тогтохоос өмнө оршин байх урьдын оюун санааны үргэлжлэл байх учиртай. Үүгээр урьд насны амьдрал гэж байдгийг нотолж болно. Урьд төрлөө дурсан санадаг хүмүүс одоо ч байх бөгөөд түүх шастирт  ч тэмдэглэсэн байдаг. Энэ үндсэн дээр урьд төрөл гэж байдаг төдийгүй хойд төрөл  ч байдаг хэмээн дүгнэж болно. Урьд нас байдагт итгэж байвал хойд насандаа сайн төрөл олохын тулд бурхныг шүтэх зохистой буй.







No comments:

Post a Comment