Saturday, November 9, 2013

Баатарын Галсансүх /1972/

***
Шатрын нүүдэл шиг үүлс нь
Цаашаа наашаа зөрөлдсөн энэ хотод
Миний халаасан дахь мөнгө
Хаанаа ч хүрдэггүй нь. Харамсалтай нь.
Тэнэмэл сар туулж баралгүй сүмийн оройд хонох
Том хотын тогоонд царцаа шиг үсчих
Хүмүүсийн дунд халаас нимгэн хавирч явах
Хэн нэгний зүүдэн дотор зүдэрч явах шиг
Санагдана. Өглөө нар өндөг шарах шиг
Сүр сархийн мандаж энэ хотыг туулж баралгүй
Галт тэрэгний буудлаас хурдан унаанд сууж
Газрын гав руу ороход, гартаа атгах зоосгүй
Хайрын захиагаа шуудангийн хайрцагт хийгээд
Хов хоосон хүлээлттэй үлдсэн хүн шиг
Хүндээр амьсгалж явахад, зоостой болох найдвар
Хүйтэн бороонд шавшуулах ганц улаан сарнай шиг
Турьгүй. Турьгүй тэр найдвар дүргүй зүйлтэйгээ
Тулгараад дуугаа хураах шиг сэтгэл эмзэглүүлж
Хурдан алхуулахгүй хөлөөс минь чангаана.
Хүнд асуудлыг хөнгөхөн шиг давчих итгэл
Холгүйхэн харагдана.
2004.

No comments:

Post a Comment