Saturday, November 9, 2013

Бавуугийн Лхагвасүрэн /1944/

Хайрын батлан даалт 
Миний чамд хайртай минь 
Үнэн
Мэн гашуун давс мэт
Үнэн. 
Хур нар хоёрт хат суусан 
Эрмэг хэцийн чулуу шиг үнэн. 
Хурмастын элгэнд тохиож түгсэн
Эрхэсийн зургаан мичид шиг үнэн.
Уулс гаднаасаа бууралтаж 
Дотроосоо ургадаг шиг үнэн. 
Ус урссаар хөлдөж
Урсаж гэсдэг шиг үнэн. 
Миний чамд хайртай минь
Үнэн. 
Он жилүүдийн эгшиглэнт хүлэг морин
Орчих, оршихуй хоёр хосолсон
Ардын дуу шиг үнэн. 
Өнгө сүүдэр ээлжилсэн ертөнцийн 
Өдөр шөнө хоёр шиг үнэн. 
Дэлхий тэнхлэгээрээ эргэх шиг үнэн. 
Дээд шаргал нараа дагах шиг үнэн. 
Миний чамд хайртай минь 
Үнэн. 
Гантиг болон мөнхөд царцахын өмнөх
Ганц халуун эгшин, эцсийн амьсгал шиг үнэн. 
Гадаа цантах хүлгийн чих улмайтал чарлаж
Гараа тэнгэр самардан хүн төрөх шиг үнэн. 
Миний чамд хайртай минь 
Үнэн.                  

Та хэн бэ?

Хүмүүс дөрвөн янз аж.
      Нэгд. Мэддэг, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг сэцэн хүн гэх бөгөөд түнээс суралцах хэрэгтэй.
     Хоёрт. Мэддэг, мэддэгүйгээ мэддэггүй хүн.Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд сэргээх хэрэгтэй.
     Гуравт. Мэдэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд зааж өгөх хэрэгтэй.
     Дөрөвт. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг илжиг гэх бөгөөд хөөн явуулбал зохино.

Арабын сэцэн үг

Ертөнцөд гурван төрлийн хүн буй


Чулуун дээр сийлсэн бичиг лүгээ адил
Элсэн дээр зурсан бичиг лүгээ адил
Усан дээр бичсэн бичиг лүгээ адил
      Чулуун дээр бичсэн бичиг лүгээ адил хүмүүс уурлаж уцаарлах нь олонтаа. Тэр нь удаан үргэлжилж , чулуун дээрх бичиг лүгээ адил мөддөө арилах үгүй.
      Элсэн дээрх бичиг лүгээ адил хүмүүс уурлаж уцаарлах нь их боловч уур хилэн нь түргэн арилж, зүйрлэвээс элсэн дээрх бичээс лүгээ адил замхармуй.
      Усан дээрх бичиг адил хүмүүс усан дээр бичмэгц урсан арилах бичээс лүгээ адил бусдыг муучилдаггүй. Муу муухайг сонсоод хэрэгсэдггүй.

Бурхан багшийн сургаалаас

Thursday, November 7, 2013

Шаравын Сүрэнжав /1938/

***
Чамайг дуугарахгүй үер
Надад харанхуй шөнө болдог
Царай дээр чинь инээмсэглэл үгүй цагаар
Зүрхэнд гунигийн харанга дэлддэг
Янзгүйхэн байхаар чинь
Сэтгэл
Сэрвэс гээд,
Хэн нэгний жөтөөрхлийн хар хорхой
Хувцасны чинь оёдлоор
Гүйж яваа юм шиг санагддаг.
Ялдамхан шиг мишээхээр чинь
Хээр талын өвсний толгойд
Хэнз цэцгийн дэлбээ цэнхэртэж байх шиг санагддаг.
Чамайг таагүй үер
Бодлын минь далай долгиосоо татаж
Гунигийн мананд сэтгэлийн хөлгийн далбаа цайвалзан живдэг.
Чамайг таатай үер
Сэтгэлийн минь нар мандаж
Бодлын далайд хүслийн солонго нумлан тусаад
Уяралын хур зүрхэнд асгардаг.
Чи- Салхи
Би- Үүл
Чи- Сар
Би- Шөнө

***
Сэтгэлийн ганц амраг минь
Гурван зуун жар хоногийн цаана сууна.
Сэмхэн түүндээ очъё гэтэл
Зүүднээс өөр морьгүй.

Сормууниршийн Дашдооров /1935-1999/

***
Наргүй өдрийг цэлмэтэл чамайгаа би бодном.
Насаараа ингэж байхуу, хэлээч дээ чи минь!
Навчгүй модыг цэцэглэтэл чамайгаа би бодном.
Янзаараа ингэж явах уу, хэлээч дээ, чи минь!
Онгон зүрхээ далавчилтал чамайгаа би бодном.
Ойрхон мөртлөө хол л байна даа, чамдаа яаж хүрнэм?
Өвлийн жаврыг бүлээстэл чамайгаа би бодном.
Өндөр л байна даа, чинийхээ сэтгэлд яаж хүрнэм. 

Зүүдний тайлал

  

Урьд нэгэн хаан шүд нь нэг нэгээрээ унаж байна гэж зүүдлэж гэнэ. Хаан эрдэм чадлат бэлгэчийг дуудан зүүднийхээ учрыг асууж гэнэ. Бэлгэч тайлан өгүүлсэн нь: "Хаан таны төрөл төрөгсөд нэг нэгээрээ үхсээр эцэст нь та ганцаараа үлдэх юм байна" гэв. Хаан уурсан хилэгнэж муу ер зөгнөсөн бэлгэчийг цаазаар авч, өөр бэлгэч олж ирэхийг даалгав. Бас нэг бэлгэчийг авчрав. Тэрээр зүүдийг сонсоод "Хаан таныг төрөл саданаасаа урт удаан амьдрахыг бэлдэгдсэн зүд байна" гэв. Үүнийг сонсоод хаан машид их баярлан, их шан хүртээж гэнэ.
      Үгийн ид шид нь санаа бодлыг ончтой илтгэхэд байдаг ажээ. 

Пачантантра буюу таван номны тухай

      Пачантантра буюу таван ном гэдэг үлгэрийн цоморлиг Энэтхэг оронд манай он тооллын гуравдугаар, дөрөвдүгээр зууны оргилд орчимд зохиогдсон гэнэ. Тус ном таван бүлэгтэй учраас таван ном гэж алдаршжээ. Тур бүлэг нь:
  1. Нөхдийн салах нь
  2. Нөхөдтэй болох нь
  3.  Хэрээ, ууль шувууны тухай 
  4. Олсноо алдах нь
  5. Болгоомжгүй явдал эдгээр болно.
Энэ номын дотор, сургаалийн чанартай бадаг шүлгийг хэлээд түүндээ зохиолдох үлгэрийг хавсарган үгүүлэх бөгөөд нэг үлгэрийг төгсөх үед нөгөө үлгэрийн сэдэв үүсч залгалдан явна.
 ......... Тус ном нь эртний дурсгалын бичиг төдий бус, одоогийн Энэтхэгийн олны унших ном болж хэрэглэгдсээр байна.
.....  Энэхүү бүтээл нь 1961 онд 4-р сард "Ардыг тэжээхүй дусал нэрт шашдар, түүний тайлбар чандманийн чимэг" нэртэйгээр анх гар бичмэлээр хэвлэгдсэн хуучны ном байна.
      Номны доторх үлгэр болоод сургаалиуд нь уншигч таньд сонирхолтой байх болуу гэсэн үүднээс мөн миний бие нь ардынхаа сургааль номлол ёс заншлын талаар сонирхон судлаж эхлэж байгаа учир иймийн тул цувралаар оруулж байхаар боллоо. 

                              Билгийн мэлмий тань тэгширч 
                    Бичгийн үйлс тань дэлгэрэг!